Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

Дээд боловсролын хууль бизнесийн хууль болсон уу

УИХ-ын чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжиж гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Уг хуулийн өөрчлөлтийг танилцуулсан Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Боловсролын тухай хуульд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж заасан. Харин Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувьд төрийн төлөөлөл байна” гэж заасан. Эдгээр хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа тул Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт хийж байгаа. Өөрчлөлт нь зөвхөн захирлын томилгооны асуудал болчих вий гэж эмзэглэж байна. Сүүлийн үед төрийн байгууллагуудын захирлыг улс төрийн томилгоогоор томилдог байдал бий болох гээд байна. Үүнээс хол байх ёстой гэж би боддог. Хоёрдугаарт, дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх шаардлага тулгарсан. Зах зээлийн эрэлт хэрэгцээд тулгуурласан, олон улсын шалгуурт нийцсэн мэргэжилтэн бэлгэх хэрэгтэй. Гэтэл одоо дөрвөн төгсөгчийн дунд хоёр ажлын байр байна. Цаашид их дээд сургуулийг хөгжүүлэх, жинхэнэ мэргэжлийн захирал томилдог мерит тогтолцоо бий болгох ёстой. Энэ хуулийн төслөөр захирлын томилгоог хийх биш, их дээд сургуулийн шинэчлэлд анхаарах ёстой шүү" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал ойлгомжгүй байна. Энэ хуулийн төсөлд ТУЗ-ыг Засгийн газрыг гишүүн томилдог, төрийн төлөөллийн хувийг нэмэгдүүлэх гэсэн “хэл амны” хууль оруулж ирлээ. Уг нь боловсролын хуульд боловсролын салбарын асуудлыг тусгасан хууль баймаар. Удирдах зөвлөл нь хэнээс ч хараат бус байж ажлаа хиймээр. Гэтэл хүн томилохын тулд хууль өөрчлөх гэж байна. Би дэмжихгүй" гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Боловсролын болон дээд боловсролын хуулийн өөрчлөлт орж ирж байгаад баяртай байгаа. Дээд боловсролын хуулинд өөрчлөлт оруулах шаардлага маш их бий. Нэг мөр өөрчлөлтөө оруулж ирмээр байна. Тэгэхгүй бол ганц л зохицуулалт л орж байна.  Бид Боловсролын хууль болон Дээд боловсролын хуулиа цогцоор нь шинэчлэх шаардлага бий. Тэгэхгүй бол дээд боловсролын хууль бизнесийн хууль болсон. Тухайлбал, магадлан итгэмжлэх ажил бизнесийн ажил болж хувираад байна. Дээд боловсролын тухай хуулийн 8.11-д магадлан итгэмжлэх зөвлөл гэдэг байгууллагаар хувийн бүх их, дээд сургуулиудыг заавал магадлан итгэмжлүүлнэ гэсэн заалтыг оруулж өгөөд Монголын магадлан итгэмжлэл л хүчинтэй, гадаадын магадлан итгэмжлэлийг шалгах хэмжээнд авч үздэг. Их Британийн магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Монголд ирсэн. Тэр үеэр уулзахад танай улсын магадлан итгэмжлэл ямар том юм бэ, Английн магадлан итгэмжлэлийг шалгах хэмжээний том магадлан итгэмжлэл юм байна гэж гайхаж байна. Энэ нь цаанаа бизнес юм. Тиймээс төр өөрөө үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн асуудлыг шийдэх нь зүйн хэрэг. Гэхдээ одоогийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд энэ салбарт нэг их өөрчлөлт орохгүй. Хуулийн үзэл баримтлалыг улам боловсронгуй болгож, салбарын цаашдын зорилт, хэтийн төлөвийг харж, нэгдсэн бодлогоор авч явахгүй юм бол боловсролын салбар хямралд өртлөө" гэлээ.

Т.Хулан